Thursday, December 13, 2007

Залуус, дvv нартаа хvргэх шvлэг.О.Дашбалбар

Залуус, дvv нартаа хvргэх шvлэг
өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Өр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!
Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv…
Ширхэг ширхэгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа vе vе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгvй илгээх юм.
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггvй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан юм шvv!
Vр хvvхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Vсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрvvдийг жаргалтай vдeээ ч, дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хvний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хvv минь” гэсээр босож ирнэ.
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгvй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт
Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нvд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сvрэг, толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи…’’
Моод хөөсөн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бvсгvйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илvv ойлгоно чи!
Харь холын шуугиант хот нaоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.
Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шvv!
Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм өгөх хэрэггvй,
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй!
Аль алинаар нь тэд дутаагvй!
Эрт цагт гэрээсээ гарсан “өөрийгөө” л
Ээж, аав хоёртоо хvргэж өг!
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хөгшчvvлд vгvй ээ!
Учир мэдэхгvй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идvvлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндvvрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!“
Хvvтэйгэй л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг!Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгvй…
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!…
Алтан дэлхийд vvнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ!
Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгө алаг хорвоо дээрӨөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харахӨндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

No comments: